Thursday, October 26, 2006

Ангийнхан маань туслана

Ийм блог бичдэг талаараа MУИС-н дэргэдэх Монгол-Туркийн сургуулийг 1997 онд хамт төгссөн ангийнхандаа хэллээ. Удахгүй 10 жилийн ой маань ч болох гэж байна. Манай ангиас 26 хүүхэд төгссөнөөс 14 нь хамтдаа Турк улсыг зорисон юм шүү дээ. Ангийнхан маань надад янз бүрийн л санаа оноо хэлж байна. Хишгээгээс Турк улсад Турколог/Turkology-р докторын зэрэг хамгаалсан Ууганбаяр гээд МУИС-н багшийн сургийг гаргаж өглөө. Мөн "kaburga/хавирга", "burun/бурантаг" зэрэг үгсийг хэлж өглөө. Энхбатаас харин "Хүннү гүрний дараа Түрэгийн Хаант улс одоогийн Монгол улс орчмын нутаг дэвсгэр дээр байгуулагдаж байсан нь манайхны ярьдгаар Хүннү гүрэн зөвхөн Монголчуудынх байгаагүй байх гэж бодож байна. Тийм ч учраас Монгол ба Түрк хэлэнд үг хэллэг, утга, өгүүлбэр зүйн хувьд адил төстэй зүйлүүд олон байдаг. Жишээ нь: Алт=Altin; Хүч=Güç; Сандал=Sandalye; Дэвтэр=Defter; гэх мэт" гэсэн comment ирсэн байна. Сандал, Дэвтэр гэдэг 2 үг угаасаа перс хэлнээс бусад хэлэнд нэвтэрсэн гэж үздэг тул энд адилхан байх нь аргагүй байх. Эдгээр үгсийн талаар судалж байгаад дараа нийтлэлдээ өгүүлье. Блог бичихэд минь ангийнхан маань туслана гэсэн болохоор урамтай сайхан байна.

Saturday, October 07, 2006

Hatun - Хатан

Энэ үгийн тайлбарыг толь бичгээс харвал: Hatun 1. woman; lady. 2. a title meaning Mrs. or Miss (used after a first name): Hatice Hatun. 3. khatun, wife of a khan. 4. wife Hatun гэдгийн жинхэнэ утга бол хааны хатан гэсэн үг юм. Орчин цагын турк хэлэнд 2-р тайлбарт хэлсэнчлэн эрхэмсэг, танхил эмэгтэйг hatun гэж нэрлэх явдал байдаг.

Thursday, September 14, 2006

МУИС Тvрэг Монгол судлалын ангитай

Блогтоо нийтлэл нэмэх гээд эргэцүүлэн бодож суухад Монгол хэлээ төгс сайн мэддэг байсан бол гэж үе үе бодогдоно. 10 жилдээ Монгол хэлдээ бас ч үгүй сайн байсан болохоор анхан шатны зүйлсийг гадарлаад байна. Гэхдээ мэргэжлийн хүнтэй ярилцаж үзэх юмсан гэсэн хорхой минь дарагддаггүй. Тэгсэн саяхан найз охинтойгоо уулзлаа, хамт явж байсан охиныг дүүгийнхээ найз охин гээд танилцууллаа. МУИС-н Монгол Хэл Соёлын сургуулийг төгссөн юм байна. Би ч бодож явдаг эргэлзээтэй, ойлгомжгүй зүйлсээ асууж авлаа. Тэр охин надад МУИС-д Түрэг Монгол судлалын анги байдаг талаар хэллээ. Нэг бодлын гайхсан, нэг бодлын байрласан. Тэгэхээр миний бодож явааг судалдаг мэргэжлийн хүмүүстэй уулзаж болох нь... Интернетээс МУИС-н Монгол Хэл Соёлын Сургуулийн хуудсыг оллоо. http://smlc.num.edu.mn, Түрэг Судлалын тэнхим гэж байна. Ц.Баттулга багш, Hacettepe Их Сургуулийн нэг зочин багшийн нэр байна. Бодоод байсан Ц.Баттулга багшийг санаж байна. Намайг МУИС-н бэлтгэл ангид байхад манайд "Монголын ёс заншил" гэдэг хичээл заадаг байсан. Миний мэдэх хамгийн сонирхолтой хичээлүүдийн нэг байлаа. Сүүлд 1999 онд байнуу Стамбулд оюутан байхад минь Ц.Баттулга багш Стамбулд ирж Beyazit сүмийн урдахь хуучин номын захаар хамт явж байсныг санаж байна. Холбоо барих мэйл хаяг гэж алга даа. Монголд байгаа бол энэ багштай уулзвал лав сонин зүйлсийг олж мэдэх байх.

Sunday, August 27, 2006

Миний найз Meral - Марал

Meral - энэ бол Турк эмэгтэй хүний маш түгээмэл нэр. Meral гэсэн нэртэй охидуудтай оюутан байхдаа зөндөө тааралдаж явлаа. Гэхдээ хэзээ ч нэрнийх нь утгын талаар ярилцах тохиол таарч байсангүй. 2-р курст орох жил оюутны байранд нэг өрөөнд Meral гэдэг охинтой хамт орсон. Тэгээд танилцаж, тэр сониуч зангаар миний нэрний утгыг асууж байсан. Харин би Meral гэж ямар утгатай үг болохыг асуусан юм. Тэр надад "bir geyik ısmı", монголоор хэлбэл "нэг гөрөөсний нэр" гэж хэлсэн. Ямар гөрөөс вэ? гэж намайг асуухад "яахав дээ нэг тийм гөрөөс, би яаг сайн мэдэхгүйн байна" гэж билээ. Тэр үед Meral гэдэг нь бодитой, одоо оршин байдаг гөрөөсний төрлийн нэр биш зүгээр үлгэр домгийн тийм нэг гөрөөс болохыг бүр сүүлд ойлгосон. Тэгээд энэ Meral гэдэг үг манай Maрал гэдэг үг юм байна гэдгийг сүүлд монголын гарал үүслийн талаар найз Burcu-тайгаа ярилцаж байгаад нээж олсон юм. Би мэдээж "Бөртэ чоно, Гоо маралын удам..." гэдгийг тайлбарлах гэж хамаг аргаа барж байлаа. Чоно гэдгийг мэдээж чоно гээд тайлбарлачихсан. Тэгээд Марал гэдэг үгийг тайлбарлах гэсэн "нэг тийм буга" гэхээс цааш юм хэлж чадсангүй. Тэгээд гэнэт Meral санаанд ороод, нээрээ энэ чинь Марал гэсэн үг юм байна шүү дээ гэж алт олчихсон юм шиг их баярлаж байсан. Хуучин Монгол бичигт -а, -э үсгүүд ижил бичигддэг болохоор нэгийн зэрэг үсэг зөрсөн байхад би ер гайхаагүй. Саяхан би толь бичгээс Meral гэдэг үгийн утгыг харлаа. (female deer) гэж байна. Гайхалтай. Гэхдээ маш учир дутмаг тайлбар ч юм шиг. Буга гэдэг амьтны эмийг марал гэдэг гэжүү? Арай л биш байх. Тэгвэл Марал гэдэг нь яг ямар амьтан юм бол доо? Миний бодлоор үлгэр домгийн тийм л амьтан байх ёстой.

Friday, August 25, 2006

-ci = -ч

-ci(-cı, -çi, -çı) энэ бол Түрк хэлний нэр үг үүсгэх дагаваруудын нэг юм. с үсгийг түрк хэлэнд ж, ç үсгийг ч гэж уншина. -ci дагаварыг үйл үгийн үндэс, эсвэл нэр үг дээр залгаж ихэвчлэн хүний ажил мэргэжил, зан төлөв байдалтай холбоотой нэp үгийг үүсгэдэг. Жишээ нь: [kapı] + cı = [kapıcı] хаалга ------------- хаалгач [sanat] + çı = [sanatçı] урлаг -------- дуучин, хөгжимчин, яруу найрагч гэх мэт урлагын хүн Түрк хэлэнд мөн адил хатуу зөөлөн гүйгүүлэгчээс хамаарч -ci = эм үгэнд ордог -жи -cı = эр үгэнд ордог -жи -çi = эм үгэнд ордог -чи -çı = эр үгэнд ордог -чи гэсэн 4 хэлбэрээр хувирдаг. Дээрх жишээнээс харсан ч, ер нь -ci дагавар Монгол хэлний -ч дагавартай дүйдэг. Угаасаа хуучин монгол бичгээр бид -ч дагаварыг хатуу зөөлөн дэвсгэрээс хамаарч -жи, -чи гэж бичдэг.

Tuesday, August 22, 2006

Halk - Халх

Halk - гэдэг нь түркээр "ард түмэн", за ер нь бол "ард" гэсэн утгатай. "Түркийн ард түмэн" гэвэл "Türk halkı", "Хөдөөний ард түмэн" гэвэл "köy halkı" гэж хэлнэ. Энэ үг мэдээж Халх гэдэг үгтэй шууд утгаараа дүйхгүй байна л даа. Гэхдээ миний таамгаар Халх гэдэг үг ер нь "ард түмэн" гэсэн утгатай байсан байх. Яваа яваандаа Төв халхын Монгол үндэстнийг нэрлэсэн байх шүү.

Ulus - Улс

Ulus - За энэ үгийг тайлбарлаад байх шаардлага алга. Угаасаа уншихад л "Улс" гэж уншигдаж байгаа биз. Гэхдээ нэг зүйлийг санахад Улс гэдгийг хуучин монгол бичгээр Улус гэж бичдэг шүү дээ. Ulus гэдгийн утга нь ерөөсөө л Улс. Энэ олон зууныг дамжиж ирсэн гэхэд утга нь гажсан юм үгүй. Орчин цагын Түрк хэлэнд өргөн хэрэглэгддэг ч, яг дангаараа бараг хэрэглэгддэггүй. Түүхийн эсвэл философийн нэр томъёо маягтай сонсогддог. "Uluslar arası" буюу "Олон улсын" гэдэгт хэрэглэгдэх жишээтэй. Харин орчин цагын Монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа "улс" бүрийн оронд хэрэглэнэ гэвэл арай болохгүй л дээ. Магадгүй бид Улс гэсэн үгийг олон янзаар ашигладаг болсон байх. Жишээ нь: "Монгол Улс" гэдгийн улс гэсэн утгыг "ülke" гэсэн үг гаргах жишээтэй.

Tuesday, August 08, 2006

Gök Tanrı - Хөх Тэнгэр

"Gök Tanrı" гэх энэ үг нь "gök" буюу тэнгэр,"tanrı" буюу бурхан гэсэн хоёр үгнээс бүтэх ба үгчлэн орчуулбал "тэнгэр бурхан" гэсэн утгатай. "Gök Tanrı" нь Төв Азид амьдарч байсан эртний түрэгүүд болох "Gök Тürk"-үүдийн шүтээн бөгөөд хөх тэнгэрт итгэж бичирч ирсний баримт юм. Ер нь эртний түрэг үгнүүд нь эртний монгол үгийг монгол бичгээр галиглан бичсэнтэй дуудлага нэг байх нь олонтой. Хэрэв уйгаржин монгол бичгээр "Gök Tanrı" гэж бичээд монголоор уншвал (хуучин монгол бичигт "а" ба "э" эгшгүүд адил бичигддэг) "Хөх тэнгэр" гэж уншигдана. Тэгхээр түркүүдийн "бурхан" хэмээн нэрийдэж шүтдэг зүйл бол үнэндээ "тэнгэр" болж таарч байна. "tanrı" гэдэг үгийг "бурхан" гэж орчуулах нь миний бодлоор бас учир дутагдалтай. Бурхан гэдэг үг нь шарын шашин Монголд орж ирснээр монгол хэлэнд орж ирсэн үг байх. Бурхан гэдэг үгийг бид хэрэглэдэг болсон цагаас итгэж биширдэг, айж сүрддэг, бидний дээр мөнхөд оршин байдаг тэр зүйлээ "бурхан" гэж нэрийдэх болсон болвуу. Ер угаас бодоод байхад "tanrı"="тэнгэр" гэж орчуулагдах нь хамгийн зөв зүйтэй санагдаж байна. Түркүүдийн хувьд муслман шашны ёсоор бол энэ дэлхийг бүтээсэн, итгэж биширдэг агуу зүйл нь бол "Allah" юм. "tanrı" гэдэг үгийн турк тайлбарыг уншвал "байдаг гэдэгт нь итгэдэг, хүнээс дээд нэгэн зүйл" гэжээ. Энгийн турк хүнээр энэ үгийн утгыг тайлбарлуулбал "Allah" гэсэн үгээр тайлбарлах бөгөөд голдуу шууд "gök tanrı" гэсэн үгийг дурдан, тайлбарлаж өгдөг. Магадгүй орчин цагын түрк хэлэнд "tanrı" гэдэг үг дангаар хэрэглэгдэх утгаа алдсан, "gök tanrı" гэсэн хоршоо байдлаар үлдсэн болвуу.

Welcome everyone - Миний блогт тавтай морилно уу

Сайн байцгаана уу? Турк улсад Их Сургуульд сурч байх хугацаандаа Монгол болоод Турк хэлний ижил төстэй олон үгтэй тулгарч явсан маань өөрийн хэмжээнд эдгээр хэлний гарал үүсэл, уялдаа холбоог судлаж эхлэхэд хүргэсэн. Хэдийгээр би хэл шинжлэлийн хүн биш боловч өөрийн олж мэдсэн, уншиж судалсан зүйлсээ та бүхний мэргэн ухаанд толилуулюу гэж бодлоо.