Tuesday, October 30, 2007

Su = Ус... хийгээд уул усны нэрс

Түрүүчийн нийтлэлд нэг залуу сэтгэгдэл үлдээсэн байсан. Ус гэдгийг түркээр "Сүү" гэдэг гэсэн тээ гэж... Түркээр усыг "SU" гэж бичнэ, "Сү" гэж уншина. Хуучин монгол бичигт усыг "Усу" гэж бичдэг биз, тэгвэл түркээр "сү" гэдэг нь үнэндээ "усу" гэдгийн нэг хэлбэр юм.

Бид шинэ крилл бичиг авч хэрэглэдэг болсон цагаас эгшгээр төгссөн нэр үгийн сүүлийн эгшгийг шууд хаясан жишээ маш олон байна. Түүний нэг нь дээр дурдсан "усу" гэхийг "ус", "мөсү" гэхийг мөс, "аха" гэхийг "ах" гэж бичдэг болсон жишээтэй. Нарийн ажиглах юм бол Монгол орны уул усны нэрэн дунд түрэг угсааны үгс олон байна. Хөвсгөл, Увс, Хяргас гэдгийн "с" гэсэн гийгүүлэгч угтаа түрэг хэлний "сү" гэдгийн товчлол юм. Монгол бичгээр Хөбсүгүл, Убсу,(Хяргасыг яаж бичихийг сайн мэддэггүй) гэж бичих ба бүгд л ус гэсэн үгийг агуулсан байх юм. Хөбсүгүл гэдгийн "гүл"-г түрэг хэлний "göl"-тэй дүйнэ гэж бодож байгаа. "göl"-г түркээр "гөл" гэж унших ба утга нь "нуур" гэсэн үг. "хөб" гэдгийг харин түрк хэлний "hep" гэдэгтэй дүйлгээд "нил устай нуур" гэсэн үг юм болвуу гэж бодоод байгаа. Убсу гэдгийг "шорвог ус" гэсэн утгатай гэсэн яриа сонссон, яг оноогоод тайлах үг олоогүй байна.

Голын нэрнүүдийн хувьд Туул голыг түркүүд Tola гэх ба Tola гэж эрэгтэй, эмэгтэй хүний нэр байна. Утгыг түрк хэлний тайлбар толиноос харвал "dolu, boş olmayan", монголоор "дүүрэн" гэсэн утгыг агуулж байна... Харин Орхон гол буюу "Orhun" гэдэг нь түркэд маш өргөн хэрэглэгддэг эрэгтэй хүний нэр байгаан. Толь бичигт харин утгыг тайлбарлаагүй байна.

Нэг сонин зүйл бол жилийн өмнө Түрк Хүний Нэрний Тайлбар Толь гэсэн онлайн толиноос "Tola" гэдэг үгийг харахад монгол гаралтай гэж тэмдэглэсэн байсан юм. Би ч за нээрээ Туул голын нэр байна шүү дээ гээд л баярлаж байсан. Сая харсан түрк гаралтай гээд засчихаж, яагаад засчихсан юм болдоо гээд гайхаад л сууж байна.

Мөн нуур гэсэн утгатай "göl" гэсэн үг харин манай "гол" гэдэг үг юм бишүү гэж бас бодогдоод байгаа. Гэтэл нуур, гол гэсэн хоёр ойлголт хоорондоо нилээд зөрүүтэй байдаг...